Return to site

"Cуралцахуй + Бүтээхүй" цуврал ярилцлага- MAY ,2020

Нэр: Б. Долгор

East-West Center-ийн хамрагдсан хөтөлбөрийн нэр: Asia Pacific Leadership Program G6

Огноо: 2006

Одоогийн албан тушаал, байгууллага- Оюу Толгой ХХК-ийн Гэрээт байгууллагын удирдлага сайжруулах төслийн Ерөнхий зөвлөх

East-West Center-ийн APLP хөтөлбөрт Монгол Улсаас шалгарч оролцсон тухайгаа танилцуулаач. Таны сэтгэлд хүрсэн хамгийн тод тусгалууд юу байсан бэ? Энэ хөтөлбөрөөс юу сурсан бэ?

2006 онд АНУ-н Вашингтон ДС-д дадлага хийж байх үед анх East West Center-ийн талаар мэдээд цахим хуудас руу нь орох үед Ази Номхон Далайн манлайллын хөтөлбөрийн зарыг хараад мэдээллийг нь бөглөөд явуулж билээ. Ази номхон далайд чиглэсэн хөтөлбөр байгаад ихэд гайхаж, сонирхсон л доо. Уг хөтөлбөрт хамрагдсанаар энэ бүсийн улс орнуудын талаар илүү их ойлголттой болох сацуу өөрийгөө нээх, удирдах ур чадварыг хөгжүүлэх ховор боломж олгодог хөтөлбөр болохыг очоод мэдсэн.

АPLP хөтөлбөрөөс маш олон зүйл сурсан. Юуны өмнө Ази номхон далайн улс орнуудын түүх, соёл болон нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илүү их мэдлэгтэй болсон. Хөтөлбөрийн хөгжлийн хичээлүүдээс өөрийн харилцааны чадвар, хувийн төлөвшил, өөрчлөлтийн удирдлага болон багаар ажиллах чадвараа нэмэгдүүлсэн гэж боддог. Учир нь бид ангиараа нэг байшинд амьдардаг, байнга хамтдаа хичээлийн болон чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан. Хөтөлбөрийн хүрээнд мөн Хавайн арлуудаар, Вьетнам улс, Вашингтон ДС зэрэг олон газар багаараа аялж, төсөл эсвэл даалгавар дээр ажиллаж байсан учраас дотны найзууд болсон. Энэ сард манай төгсөлтийн 14 жилийн ойгоор Zoom call-д цахимаар дахин уулзалдах үед олон жил учраагүй гэр бүлийн нэгэн гишүүд мэт хууч хөөрөөд сайхан байсан.

"Ази номхон далайн улс орнуудын түүх, соёл болон нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илүү их мэдлэгтэй болсон​"

Анх East-West Center ийн тухай хэрхэн мэдэж авсан бэ?

Вашингтон ДС-д НҮБ-н Санд ажиллах үед олон лекц, семинарт явдаг байсан тул үүний нэгэнд анх East-West Center-ийн тухай мэдсэн.

Өөрийн мэргэжил, боловсрол болоод одоогийн ажил карьерийн тухай танилцуулна уу.

Уул уурхайн салбарт анх хөл тавьсанаас хойш аль хэдийн 13 жилийн өнгөрчээ. Ажлын гараагаа байгаль орчны мэргэжилтнээс анх эхлээд удалгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, ЭМААБО-ы удирдлагын тогтолцооны чиглэлээр ажилласан туршлагатай. 2016 оноос 2018 хооронд Рио Тинтогийн Австрали дахь уурхайд Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон орон нутгийн асуудал хариуцсан менежерээр ажиллах үед уул уурхайн салбарын санхүү болон бизнесийн талаар илүү мэдлэг болон ажлын туршлагатай болох хэрэгтэйгээ ухаарсан. 2019 оноос бизнесийн сайжруулалт, гэрээт байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байна. Оюу Толгой компани нь өргөн хүрээний үйл ажиллагаатай болохоор шинэ зүйлд суралцах, практик дадлага хийх олон боломж гаргадагт талархаж явдаг. Уул уурхайн салбарт гэрээт ажиллагсдын тоо нэмэгдэх хандлага байгаа ба бид Рио Тинтогийн тэргүүн туршлагуудыг Оюу Толгойд нэвтрүүлж байгаа.

Таны үнэт зүйлс болоод ажилдаа анхаардаг хандлага, ажил мэргэжилдээ тавих өөрийн шалгуур юу байдаг вэ?

Миний бодлоор хүн өөрийн үнэт зүйлсээ мэдэх нь чухал, мөн эдгээр нь өөрийн ажилладаг байгууллагын үнэт зүйлстэй нийцэж байгаа эсэхийг тунгаан бодох хэрэгтэй. Хэрвээ та хувийн суурь үзэл, үнэт зүйлс болон албан газрын соёл болон арга барилтай тэс ялгаатай бол ажилдаа сэтгэл хангалуун байх, урт хугацаанд амжилт гаргахад бэрхшээлтэй байх болно. Миний хувьд хүндэтгэл, үнэнч байдал болон хамтын зүтгэлийг үнэлдэг ба Оюу Толгойд 10-аад жил ажиллаж байгаа шалтгаан нь манай компанид эдгээр бүх зүйлсийг эрхэмлэдэг болов уу.

APLP хөтөлбөрт хамрагдсаны дараагаар Монголд/нийгэмд/салбарын хүрээнд тулгарч буй аливаа асуудлын шийдлийг хэрхэн өөрөөр харж эхэлсэн бэ?

APLP-г төгсөөд Монголын байгаль орчны салбарт хувь нэмэр оруулах юмсан гэсэн бодол өвөртлөөд Улаанбаатарт эргэж ирсэн ба тэр үед уул уурхай байгаль орчныг сүйтгэж байна гэсэн мэдээ их дуулддаг байсан. Аливаа өөрчлөлтийг оруулахад хөндлөнгөөс шүүмжлэх, зөвлөмж өгөх нь хангалтгүй санагддаг.

Хүсэж байгаа өөрчлөлтийг өөрөө тэр гал голомт дунд нь орж хийхийг зорих нь хамаагүй илүү шүү дээ. Уул уурхайн салбар үнэхээр тийм их байгаль доройтуулж байгаа эсэхийг өөрийн нүдээр харах, их багаар эерэг нөлөөл үзүүлэх гэж энэ салбарт анх орж билээ. Олон улсын томоохон байгууллагууд хөгжингүй орнуудад хөрөнгө оруулах үед тухайн улсын стандартыг сайжруулах, дээш нь татах хандлага байдаг гэсэн нэг урсгал бодол байдаг бол Оюу Толгойн хувьд энэ нь үнэн гэж хувьдаа боддог. Оюу Толгойн залуус болон гадаад мэргэжилтнүүд усны хэрэглээ, химийн бодисын менежмент, зэрлэг амьтан хамгаалах судалгаа зэрэг байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын дэлхийн тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж байгаад бахархадаг.

"Оюу Толгойн залуус болон гадаад мэргэжилтнүүд усны хэрэглээ, химийн бодисын менежмент, зэрлэг амьтан хамгаалах судалгаа зэрэг байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын дэлхийн тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж байгаад бахархадаг."

Залуустаа хандаж хэлэх арга барил, манлайлал, хандлагын тухай юуг онцолж хуваалцмаар байна вэ?

Би сүүлд нэг реклам зурагтаар үзэх үед шилдэг манлайлагч, CEO гэхээр бизнес хувцас өмссөн, чамин оффистой, төгс царай зүс болон тансаг амьдралын дүр зураг гарч байлаа. Ийм үзэл үнэндээ хоцрогдсон, мөн энгийн хүнд их холын зүйл мэт сэтгэгдэл төрүүлнэ. Миний харсан сайн манлайлагч хүн бусдаас ялгарахаас илүү бусадтай ижил байдлаа үзүүлэхийг эрхэмлэнэ.

Тэд магадгүй нийгэмд танигдаагүй ч өөрийн үйлдлээр бусдад үлгэр дууриал болдог. Өөрийн удирдаж байгаа багийн хүн бүрийг сайн мэдсэн бөгөөд тэдний хувийн хөгжилд анхаардаг, тухайн хүний онцлогт тааруулан харьцаж, чиглүүлж чаддаг хүмүүс байдаг болов уу. Мөн шилдэг удирдагч гэхээр томоохон ажлыг, хүнд нөхцөлд явуулах, бусдаас илүү хэтийн зүйлс хардаг баатар хүн мэт гэсэн нийтлэг төсөөлөл байдаг. Эдгээр чадварууд нь чухал ч, өдөр тутмын олон ажлыг гарамгай явуулж, бизнесийн үйл явцыг тогтмол сайжруулах ур чадвар манлайлагч бүрт байх хэрэгтэй гэж боддог. Мөн бизнесийн чиг хандлагад тааруулан ажиллагсад, үндсэн ажлын үйл явц болон төсвийн менежментийг тэнцвэртэй удирдан зохицуулдаг нь харагдсан. Миний хувьд олон сайн удирдлагуудтай ажиллаж байсан ба тэд дээрх нийтлэг чанараас гадна өндөр боловсрол гэхээс илүү арвин ажлын туршлагатай, өөрийгөө таньсан, даруу зантай хүмүүс байх нь түгээмэл. Ер нь хийнэ гэж хэлсэн бол хийдэг, тууштай бөгөөд чин сэтгэлээсээ бүх зүйлд ханддаг хүмүүс л манлайллын хандлагатай гэсэн үг. Манлайлагч байх нь албан тушаал эсвэл нөлөөллийн цар хүрээтэй хамаагүй гэж боддог.

"Миний харсан сайн манлайлагч хүн бусдаас ялгарахаас илүү бусадтай ижил байдлаа үзүүлэхийг эрхэмлэнэ. ​"

"Мөн шилдэг удирдагч гэхээр томоохон ажлыг, хүнд нөхцөлд явуулах, бусдаас илүү хэтийн зүйлс хардаг баатар хүн мэт гэсэн нийтлэг төсөөлөл байдаг. Эдгээр чадварууд нь чухал ч, өдөр тутмын олон ажлыг гарамгай явуулж, бизнесийн үйл явцыг тогтмол сайжруулах ур чадвар манлайлагч бүрт байх хэрэгтэй гэж боддог​"

Ажил мэргэжлээс илүү таны эрч хүч, урам зориг, тэмүүллээ авдаг зүйл юу вэ?

Гэр бүл, найз нөхөд, болон байгаль дэлхийтэй ойрхон байх үед их эрч хүчийг авдаг. Монголд эрс тэс цаг агаартай, хотын амьдрал стресс ихтэй бөгөөд төлөвлөөгүй зүйлс, нэмэлт ачаалал гэнэтийн бууж ирдэг учраас ямартаа өөрийн амгалан байдлыг хадгалах, эерэг хүмүүсээр өөрийгөө тойруулж, мөн хувийн хобби, сонирхлуудаа гээж болохгүй гэж боддог.

Тухайлбал би 2019 оноос Гаруда академид Бразил жюү жицү спортоор хичээллэж байна. Ажил, гэр бүлийн хажуугаар цаг гаргаж бэлтгэл тогтмол хийхэд хэцүү болохыг ойлгоод болих санаа төрж байсан ч гэр бүлийнхэн бэлтгэлийн дараа авахуулсан зураг дээр би маш их аз жаргалтай харагддаг гэж хэлэх үед энэ спортод маш их дурласнаа ойлгож, тууштай хичээллэхээр шийдсэн. Одоо ямар ч завгүй байсан бэлтгэлээ алгасахгүй байхыг хичээдэг. Бэлтгэлийн цагаа хуваарьтаа ‘lock’ хийсэн байгаа л даа.

Таны бодлоор яагаад залуус өөр өөр соёлуудаас суралцах хэрэгтэй вэ?

APLP хөтөлбөрт хамрагдахаас өмнө Америкийн Техасын их сургуульд магистр хамгаалж байсан. Гадаад улсад суралцсанаар тухайн улсын соёл, түүх болон харилцан адилгүй үзэлтэй олон хүмүүсийн дунд орох боломж гарсан нь бусдыг илүү ойлгох хийгээд хүндлэхэд нөлөөлдөг. Энэ нь эргээд аливаа асуудлыг илүү нээлттэй харах, ялгаатай байдлыг эрхэмлэж сурахад ач тустай. Монголчууд бид азтай, учир нь нийгэм харьцангүй тогтвортой. Харин зарим улс орнуудад шашин, гарал угсаа, нас, хүйсийн ялгаатай байдлаас дайн дажин хийгээд аймшигт үзэгдлүүд үргэлжилсээр. Үүнийг зогсооход ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэлээс эхлэх бол дэлхийн энх тайван, нэгдмэл байдлын суурь болно.

"Харин зарим улс орнуудад шашин, гарал угсаа, нас, хүйсийн ялгаатай байдлаас дайн дажин хийгээд аймшигт үзэгдлүүд үргэлжилсээр. Үүнийг зогсооход ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүндлэлээс эхлэх бол дэлхийн энх тайван, нэгдмэл байдлын суурь болно"

Рио Тинтогийн Перт хотын ажлын хамт олон, 2018 он
Add paragraph text here.
All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly