Return to site

 

THE CORNER: "Cуралцахуй + Бүтээхүй" цуврал ярилцлага- February 2020

Намуун: East-West Center-ийн манлайллын хөтөлбөрүүдийн Asia Pacific Leadership Program (APLP) ийн тухай анх хэрхэн мэдсэн бэ?

Б.Эрдэнэ: Юуны өмнө Хавайн их сургуулийн болоод Өрнө Дорнын төвийн төгсөгч, залуу лидер А.Цолмонтуяадаа баярлалаа гэж хэлмээр байна. 2019 оны 10 сард төгсөгчидийн холбоог байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн манлайлагч. Би энэхүү төгсөгчидийн холбооны нээлтэн дээр салбар салбарт ажиллаж байгаа олон залуучуудтай уулзаж, санал бодлоо солилцсондоо тун их баяртай байна.

Би 2012 оноос эхлэн би докторын дараах судалгааны ажил хийх, судалгааны ажлын ур чадвараа дээшлүүлэх талаар төлөвлөж эхэлсэн. Японы Чибагийн их сургуульд байгалийн ухааны докторын зэргээ хамгаалж Монгол эх орондоо эргэн ирсэнээс хойш ихэвчилэн байгаль орчны чиглэлээр нийгэмд нөлөөлөх сайн дурын ажил хийж төрийн бус байгууллагуудад ажиллаж байв. Энэ үед Хавай Мужийн Их Сургуулийн ажилтан Др. Жавзандулам надад EWC-ийн манлайллын хөтөлбөрүүдийн талаархи танилцуулга илгээж, та өөрийгөө сориод үз гэж зөвлөсөн. Ингээд East-West Center-ийн богнио хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар судалж Ази Номхон далайн орнуудын манлайллын хөтөлбөрт хамрагдах болзлыг хангаж, энэхүү агуу түүхт төвд харъяалалтай болсондоо одоо ч бахархдаг.

Та энэхүү хөтөлбөрт оролцсоноор танд хамгийн их үлдсэн, суралцсан зүйл, олз юу байсан бэ?

Миний хувьд аль болох судалгааны ажлын ур чадвараа дээшлүүлэх, манлайллын ур чадвар эзэмших сонирхол илүү давамгайлж байсан тул East-West Center-ийн богино хугацааны хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулсан. Мөн хөтөлбөрийн удирдагчид, багш нарынх нь танилцуулгууд болон хөтөлбөрийн танилцуулгаас зөвхөн миний сонирхсон хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй маш олон ур чадвар, туршлагаас суралцах өргөн боломж байгааг олж мэдсэн. Би бол G17 төгсөлтийн нэгэн эд эс төдийгүй тухайн үед Ази номхон далайн 17 орны 24 оюутантай хамт нэгэн дээвэр дор хамгийн шилдэг багш нарын удирдлагад хичээллэхдээ соёлын олон талт ижилсэл бас ялгарал, эрдэм шинжилгээ, судалгааны гайхалтай өргөн нөхөрлөл бүхий хамт олны гишүүн болсон . Энэ хөтөлбөрт суралцах хугацаандаа “Хог хаягдлын менежмент”-ийн чиглэлээр тусгайлан судалгааны ажлууд хийх боломжийг олж авсан. Түүнчлэн манлайллын ур чадварын талаархи хамгийн шилдэг сургалтанд хамрагдсан.

Нэг ангид шинжлэх ухааны маш олон чиглэлээр туршлагажсан судлаачид, манлайлагчид, нийгмийг шинэчлэгчид, өөрийн эх орондоо олон түмний хайр талархалыг хүлээсэн удирдагчид хамт суралцаж, тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцэж, хэлэлцүүлэг зохион байгуулж, хамгийн сүүлийн үеийн сургалтын шилдэг арга барилууд, технологид тулгуурлан сургалтаа зохион байгуулдаг нь үнэхээр гайхалтай байсан. Эндээс Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгэм, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын асуудлуудыг илүү гүнзгийрүүлэн ойлгож, өөр хаанаас ч олж авч чадахгүй итгэл найдвар, нөхөрлөл, судалгааны өргөн хүрээтэй арга барил, туршлага сургамжийг олж авсан.

Та өөрийн мэргэжил/карьерээ бидэнд танилцуулахгүй юу?

Би Хавай явахаасаа нийгмийн хариуцлагын механизмууд, экосистемийн хурдацтай өөрчлөлт, агаарын хөрсний бохирдуулагч эх үүсвэрүүд болон иргэний нийгмийн байгууллагын хөгжил төлөвшилийн талаархи судалгааны ажлуудад гол төлөв анхаарлаа хандуулж Монголын байгаль орчны иргэний зөвлөл ТББ-ын Тэргүүнээр ажиллаж байсан. Буцаж ирээд агаарын бохирдлын эх үүсвэрүүд, агаарын бохирдлыг бууруулах болон олон нийтийн дадал хандлагыг өөрчилөхөд нөлөөлөх нөлөөллийн ажлууд дээр илүү анхаарч ажилласан. 2018-2019 онд Европын холбооны санхүүжилтээр “Амьсгалах эрх” төслийг БОАЖЯ болон ТББ-уудтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн гүйцэтгэх үүрэг, төр хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх нөлөөллийн олон ажлууд зохион байгуулж, агаарын чанарыг олон нийтэд нээлттэй мэдээлдэг хараат бус мэдээллийн систем бий болгосон.

"Учир нь бид “хүнд хэрэггүй болсон хог гэж нэрлэгддэг бүхий л эд хэрэгслийг холхон, нүднээс далд газрын хөрсөнд булж хаях ёстой” гэсэн ойлголтоосоо бүрэн салж чадахгүй байна"

Мөн 2018 онд анх удаа монгол хэл дээр “Хог хаягдлын менежмент” сурах бичгийг боловсруулж хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгосон. Одоо энэ бүтээл маань Монгол орны өнцөг булан бүрт хог хаягдлын чиглэлээрхи гол гарын авлага боллоо. 2020 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумыг хог хаягдлаа шийдвэрлэсэн анхны загвар сум бмй болгох төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байна. Учир нь бид “хүнд хэрэггүй болсон хог гэж нэрлэгддэг бүхий л эд хэрэгсэлийг холхон, нүднээс далд газрын хөрсөнд булж хаях ёстой” гэсэн ойлголтоосоо бүрэн салж чадахгүй байна. Хогтой бид шинжлэх ухаанчаар харьцаж, эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, овор хэмжээг нь багасган, аль болох газрын хөрсөнд шингээхгүйгээр, булахгүйгээр боловсруулж, ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хийж устгах ёстойг тэр бүр ойлгохгүй байна.

Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Таны ажиллах арга барил?

"Миний үе болон залуу үеийнхэний өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэнэ ч өөр болсон"

Энэ цаг үе бол хүн бүхнийг ёс зүйтэй, ил тод, хариуцлагатай, нийгэм, олон нийтэд үр нөлөөтэй, бүтээлч гүйцэтгэлтэй, тууштай ажиллах бодит шаардлага тавьдаг болсон үе шүү дээ. Миний үе болон залуу үеийнхэний өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэнэ ч өөр болсон. Миний ажлын арга барил бол нээлттэй, ил тод, харилцан итгэлцэлд суурилсан, ойлголцлыг эрхэмлэсэн, бусдаас суралцдаг, төлөвлөгөөт ажлын хүрээнд багийн гишүүн бүр өөр өөрийн хүлээсэн үүргээ яг таг биелүүлдэг, эрх мэдлээ ч ажлаа хийхэд нь саад болохгүйгээр хангалттай шилжүүлж өгдөг, туршлагаа нээлттэй хуваалцаж хамтран ажиллахад тулгуурладаг.

Хамтран ажиллагсадын хэн ч байсан өөрт ноогдсон эрх мэдлээ баг хамт олны төлөө биш, хувийн ашиг сонирхолоо хангахын төлөө ашигладаг, түүнийхээ төлөө хамт олныг хутган үймүүлдэг, өөрийн алдааг цэгнэх дургүй, багаар ажиллах чадамжгүй, хамт олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хариуцлага ёс зүйгүй бол би шууд өгсөн эрх мэдлээ татаж авдаг. Ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг ч шуудхан авчихдаг, ийм л хүн. Хэн нэгэн хариуцлагагүй этгээдээс болж хамт олон, байгууллага хохирч, ажил цалгардах ёсгүй. Түүний оронд доороо ажиллаж байгаа хүндээ эсвэл хамтран ажиллагсаддаа халгаатай гэсэн муу нэр зүүгээд би ганцаараа нэр төрөөрөө хохироод үлдэх нь дээр. Тэгээд ч сайн хүнийг явахаар нь мэддэг, сүүтэй үнээг үхэхээр нь мэддэг гэдэг үг байдаг даа. Хувийн ажлын төлөвлөгөөгөө ихэвчилэн нэг жилээр гаргадаг. Зарим ажлыг 2-4 жилээр төлөвлөсөн явж байгаа нь ч бий.

Ямарваа нэгэн бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?

Би маш өөдрөг үзэлтэй хүн. Ямарч бэрхшээл, шүүмжлэлд эмзэглэдэггүй. Шүүмжлэл бас бэрхшээл бий болоод байна гэдэг нь миний хийж буй ажил бусдад нөлөөлж байна гэсэн үг. Бэрхшээл, шүүмжлэлээс би боломжуудыг олж хардаг бас төслийн санаануудаа олж авдаг.

Ажлын эрч хүчээ хаанаас/юунаас авдаг вэ?

Миний хувьд унших, өргөн хүрээнд олон төрлийн сэдвээр хүмүүстэй ярилцах нь ажиллах урам зориг, эрч хүч авдаг суваг. Авсан мэдээллээ боловсруулж, эрэмбэлэн, эмх цэгцэнд оруулж шаардлагатай бол ажлын төлөвлөгөөндөө оруулсанаар бүтээлч байх, шинэ санаа олох үндэс болдог.

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly