Return to site

THE CORNER: "Cуралцахуй + Бүтээхүй" цуврал ярилцлага- MARCH 2020

East-West Center-ийн Changing Faces Women’s Leadership Seminar- ийн 2017 оны хөтөлбөрт Монгол Улсаас шалгарч оролцсон тухайгаа танилцуулаач. Таны сэтгэлд хүрсэн хамгийн тод тусгалууд юу байсан бэ? Энэ хөтөлбөрөөс юу сурсан бэ?

"East west Center"- ийн тухай өмнө нь мэдээлэлтэй байсан, харин хөтөлбөр зарлагдсан тухай нэг найз маань сонсоод, чи сонирхоод үзээрэй гээд и-мэйл ирсэн. Анх 2017 онд материалаа илгээгээд тэр жилдээ оролцож чадаагүй, ахин 2018 онд бүртгүүлж материалаа илгээгээд тэнцсэн. Тухайн жил 13 орны 16 оролцогч шалгаран тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан.

 

Манай IWFCI Монгоп байгууллага 1992 онд Австралийн Мельбурн хотод үүсгэн байгуулагдаж бид 2017 онд Улаанбаатар хотноо салбар байгууллагаa байгуулсан. Эмэгтэйчүүдийг бизнесийн чиглэлээр дэмжих, ялангуяа эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг удирдаж авч явна гэдэг миний хувьд шинэ сорилт байсан.

Байгууллагдаад удалгүй бид 2018 онд "Global Women's Trade Summit" буюу Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг хүлээж авсан. Иймд энэ хөтөлбөрт оролцох болсон гол шалтгаан бол ТББ-г цаашид тогтвортой удирдаж авч явах, түүнчлэн “GWTS”-д түшиглэн өөрийн төлөвлөгөө болон эссэгээ бичиж илгээсэн юм.

Миний хувьд “East West Center” -ийн хөтөлбөр нь өмнө хамрагдаж байсан хөтөлбөрүүдийг бодвол өндөр зэрэглэлийн, дэлхийд танигдсан гэж хэлж болох олон улсын хөтөлбөр байсан. 2019 онд “East West Center” нь өөрөө Засгийн газрын дэргэдэх Дэлхийн Топ 5 "Think Thank"- д багтаж орсон байгаа.

Өмнөх жилүүдийн хөтөлбөрийн оролцогчид тэдний одоо үргэлжлүүлэн хийж буй ажлууд, хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйл, төгсөгч нарын сэтгэгдэлүүд хамгийн өндөр нөлөө үзүүлсэн. Энэ хөтөлбөрийн хамгийн чухал үзүүлэлт нь маш өндөр зохион байгуулалттай, тасралтгүй олон жил үргэлжилсэн үйл ажиллагаатай, тогтвортой мэргэжлийн баг хамт олон байсан.

Мэдээж хөтөлбөрт хамрагдаж байгаа жил бүрийн оролцогч нарын гол онцлог нь дэлхийн олон улс орны төлөөллүүдийг хамруулахыг эрмэлздэг. Жишээ нь: нэг улсаас 2-оос дээш оролцогч хамрагддаггүй байсан ба хөтөлбөрт оролцож байгаа оролцогсод нь бие биенээсээ суралцах нь давуу тал гэж үздэг.

Энэхүү хөтөлбөрт оролцож буй өөрчлөлт бүтээж буй эмэгтэйчүүд 1 жилийн төлөвлөгөөгөө хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн биелүүлэх зорилготой байдаг. Та энэ хөтөлбөрт ямар төлөвлөгөөгөө танилцуулж, биелэлтээ хэр их хэмжээгээр гүйцэтгэсэн бэ?

Хөтөлбөрт оролцсон нь өмнө дурьдсанчлан “Global Women’s Trade Summit”-ыг Монгол Улсад зохион байгуулах гэж байсантай холбоотой, мөн Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсад таниулах зорилго нь миний гол төлөвлөгөөнд орж байсан. Хөтөлбөр нь 4-р сарын сүүл 5-р сарын эхэнд АНУ-ын Хавай мужид үргэлжилж байсан, манай байгууллагын зохион байгуулсан чуулган нь 9-р сарын 5,6-нд зохион байгууллагдсан. Бид 5 сард ерөнхий төлөвлөгөө гаргасан байсан ба авч явсан төлөвлөгөөнд энэхүү хөтөлбөрт хамрагдснаар олон өөрчлөлт оруулсан, ялангуяа салбар хуралдаануудын сэдвүүд, олон улсаас урих зочин илтгэгч нар болон ерөнхий төлөвлөгөөнд маш бодитой нөлөө үзүүлсэн учраас бид гаргасан төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн гэж үздэг.

"Хамгийн сонирхолтой бөгөөд гайхалтай хэсэг нь Индонези, АНУ, Тайланд улсын 3 оролцогч нар манай чуулган уулзалтад хүрэлцэн ирж 2 нь үндсэн илтгэгчээр оролцсон байгаа, энэ нь хөтөлбөрт оролцож төлөвлөгөөгөө танилцуулсаны бодит биелэлт болсон юм." Хөтөлбөрийн хугацаанд бидний драфт саналуудыг хүлээж аваад, өдөр тутам мэргэжлийн ментор, багш, зөвлөх нарын тусламжтайгаар маш сайн ажиллаж сайжруулж байсан. Бид харилцан бие биедээ төлөвлөгөөгөө 2-3 шаттайгаар сайжруулсан байдлаар үргэлж танилцуулж байсан. Мөн хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг нь өөрийгөө таньж мэдэх, чиний өөрийн хүч, боломж чинь юу вэ гэдгийг тухайн хүн бүрт нь тусгайлан тайлбарлан гаргаж өгөх нь маш онцлогтой байсан мөн өөрийн боломжит хүчин чадал дээр суурилсан манлайллыг бий болгон, үүнийгээ ТББ-ын болон үйл ажиллагаа болон GWTS-ийн үед маш амжилттай гарган, биелүүлж хэрэгжүүлсэн гэж бодож байна.

Хөтөлбөрт явсан зорилго маань зөвхөн “GWTS 2018”- г хийхээр хязгаарлагдахгүй, цаашид “IWFCI Монгол” байгууллагын тогтвортой үйл ажиллагааг хангах, монголын бизнесийн орчин дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний олон улстай хамтарч хэрэгжүүлэх бизнесийн боломжуудыг нэмэгдүүлэхэд илүү зорьж ажиллаж байгаа.

Энэхүү хөтөлбөрт хамрагдснаар төлөвлөгөөний дагуу гарсан төслүүд маань одоо үргэлжилсээр байгаа бөгөөд цаашдаа ч үргэлжлэх болно.

Өөрийн мэргэжил болоод одоогийн ажил карьерийн тухай танилцуулаач.

Миний хувьд “Хөгжим Бүжгийн Коллеж” болон “СУИС”-ийг хийлч, багш мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн гоцлол хийлч мэргэжилтэй, “СЭЗИС”-г Бизнесийн Удирдлагаар магистрт сурч дүүргээд одоогоор “СЭЗИС” -д Бизнесийн Удирдлагын хөтөлбөрт докторын ангид суралцаж байгаа.

Анх импортын худалдаагаар бизнесийн гараагаа эхлүүлж байсан. Уран бүтээлчийн хувьд хэд хэдэн тоглолтуудыг хийж байсан. Мэргэжлээрээ багшилж байсан үе, Хөгжим бүжгийн коллежд мөн ажиллаж байсан. Одоогоор зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, Монгол- Сингапурын хамтарсан импортын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийг удирдаж байгаа.

“IWFCI Монгол” байгууллага нь төрийн бус байгууллага юм. “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн холбоо”- нд гишүүнээр элсэн орсон гишүүд нь хэрхэн идвэхтэй иргэн байх, өөрийн боломж бололцоогоо дайчлан, хүчин чармайлт гарган ажиллах, нийгэмд хувь нэмэр оруулъя гэсэн зорилгоор энэхүү төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж найз нартайгаа хамтран үйл ажиллагааг нь удирдан явуулж байна. ТББ-ын үйл ажиллагаанд бусад ажлын хажуугаар оролцдог.

Бидний зөвлөх үйлчилгээний компани нь голчлон Зүүн Өмнөд Ази болон Монголын бизнес эрхлэгчид, бизнесүүдийг холбосон хөрөнгө оруулалт, олон улсын брэнд, франчайзинг зэрэгт тулгуурлан ажилладаг.

Таны үнэт зүйлс болоод ажилдаа анхаардаг хандлага, манлайллын үнэт зүйлс юу вэ?

Энэ нь маш өргөн ойлголт юм, жишээ нь: ажил, амьдрал дээр, бизнесийн үйл ажиллагаанд гэх мэт бүгдийг нь нэг үгээр илэрхийлэхэд хязгаарлагдмал.

Миний бие хувийн амьдрал болон ажил дээр тодорхой зарчмуудыг баримтлахыг хичээж зарчмаа дагаж мөрдөхийг илүүд үздэг. Гол нь өдөр тутмын үйл ажиллагаа нь бусдад хохирол учруулахгүй, аливаа асуудлыг шийдэнгээ нөгөө талд асуудлыг унагадаг ч юмуу, нэг талдаа ашигтай ч нөгөө талдаа сөрөг үр дагавар гаргах асуудлаас аль болох зайлс хийж, эерэг үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг.

Манай байгууллага болон миний хувийн зүгээс тогтвортой хөгжлийн зорилтуудыг удирдлага болгон ажилладаг. Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бизнесийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ажилдаа анхаардаг хандлага, манлайлалын үнэт зүйлийн хувьд хүн бүр хоорондоо харилцан адилгүй байдагтай адил хүн бүрийн ур чадвар ч гэсэн хоорондоо харилцан адилгүй байдаг. Тухайн хүний онцлог, эзэмшсэн мэргэжил, хүмүүжсэн орчин гээд олон янз байдаг. Манай байгууллагын хувьд Зүүн Өмнөд Азийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд бид зөвхөн эмэгтэйчүүдийн гэлтгүй тэгш оролцоотой нийгмийг эрмэлзэж, энэхүү чиглэлээр бизнесийн байгууллагуудаар дамжуулан хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Тэр дундаа "Хүний эрх ба бизнесийн зарчмууд", "Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд" дээр тулгуурлан НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтыг даган мөрдөж, хэрэгжүүлэхийг зорьдог.

"Тухайн хүний онцлог болон ур чадварыг нээн илрүүлж, давуу талуудыг нь олж харахыг илүү хичээдэг. Нөгөөтэйгүүр гол нь харилцан ойлголцох, заасан зарчмуудыг баримталдаг байх ёстой гэж үздэг. Тодорхой зарчмуудыг харилцан баримталснаар, хоорондын үл ойлголцол үүсэхгүй байх үндэслэл болдог. Иймд өөр хоорондоо зарчмыг сайн тохиролцох ёстой гэж боддог"

Бид гишүүн байгууллагуудтайгаа НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилт-ыг хэрэгжүүлэн, хангаж ажиллахын тулд мэргэжлийн байгууллага, агентлагуудтай хамтарч ажилладаг. Бизнесийн үйл явц, бараа бүтээгдэхүүн, өдөр тутмын үйл ажиллагаагаа хүний эрхийг дээдэлсэн, хүндээ төвлөрсөн, хүн төвтэй байх гэх зэрэг гол үнэт зүйлийг баримтладаг. Сүүлийн үед зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулах чиг хандлагаас ангижирч, хүний эрх ба бизнесийн зарчмууд гэх зэрэг зарчмууд нь бизнесийн орчинд маш түгээмэл трэнд болж байна.

Монгол Улсад эмэгтэй удирдагч байхын давуу талууд болоод сул тал хаана оршино вэ?

Эмэгтэйчүүдийн ажлын байр, ажил эрхлэлтийн статистик тоон үзүүлэлтүүдийг www.1212.mn вэб хуудаснаас харж болно. Ажиллах хүчний дийлэнхи, ялангуяа бизнесийн салбар, жижиг дунд бизнес эрхлэгч нарын ихэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг, мөн дунд шатны менежер болон үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд голлон ажилаж байна. Яг одоо “Сovid-19”- той холбогдуулан харахад Монголын эрүүл мэндийн салбарын гол ажиллах хүч эмэгтэйчүүдээс бүрдэж байгаа. Харин удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо хангалттгүй байгаа гэж үзэж байна.

Эмэгтэйчүүдийн хувьд удирдах албан тушаалд, шийдвэр гаргах түвшинд ажиллахад гол тулгарч байдаг саад бэршээлүүдийн нэг бол яах аргагүй нийгмийн тогтсон хэвшмэл ойлголт. Нийгмийн тогтоосон хэвшмэл ойлголт, хэм хэмжээнээс ангижирч бидний ярьдаг шилэн тааз одоо болтол байсаар байдаг. Голдуу бие даасан байдлаар, өөртөө итгэлтэй шийдвэр гаргахаас илүүтэйгээр нийгмийн хэв маяг нь хэвшмэл ойлголтуудруу шингэж, үүний эсрэг эмэгтэй болон эрэгтэй удирдах түвшинд гарч ирэх нь өөрөө хамгийн том сорилт болж өгдөг гэж хувьдаа боддог.

"Эмэгтэйчүүдийн хувьд удирдах албан тушаалд, шийдвэр гаргах түвшинд ажиллахад гол тулгарч байдаг саад бэршээлүүдийн нэг бол яах аргагүй нийгмийн тогтсон хэвшмэл ойлголт"

Энэ нь мөн давхар Монголын суурь соёлын асуудлуудтай уялдаа холбоотой ястан үндэстний бүлгүүдийн, аймгуудийн соёлын онцлогууд нийгмийн хэвшмэл ойлголтууд нь харилцан адилгүй бөгөөд нийтээр нь Монголд нийгмийн хэвшмэл ойлголт ийм байдаг гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл жишээ нь: газар зүйн байрлалаас шалтгаалан баруун, зүүн аймгууд гэх мэт нутаг орны амьдралийн суурь хэв маяг онцлогууд манайд өөр өөр байдаг нь буцаад нийгэмд нөлөөлж байдаг юм. Тийм учраас энэ нийгмийн байх ёстой гэдэг хэмжээсүүдэд багтах гэж оролдож байгаа үндсэн манлайлалийн ур чадвараа илэрхийлж чаддагүй юм боловуу гэж би хувьдаа боддог. Энэ бол бэрхшээлээс илүү сорилт болж байгаа юм.

Давуу талыг би өөрийн өнцгөөс харахдаа энэ нийгэм бол “шилжилтийн нийгэм” юм. Шилжилж байгаа энэ үед бидэнд асар их боломж гарч байгаа юм. Зоригтойгоор өөртөө итгэлтэйгээр үүнийг үзүүлэх боломж маш их байна. Эмэгтэй удирдагч нарт харагдахуйц, биелэгдэхүйц үр дүнг гарган, өөрчлөлт хийх боломжууд маш их байгаа. Сайн тал нь яриад байгаа нийгмийн тогтсон хэлбэрт зориулсан цоожны нүхэнд хүн болгон багтах албагүйг харьцангүй залуу үеүүд ойлгож авч байгаа учраас энэ нь өөрөө нэг талаараа давуу тал, мөн нөгөө талаараа бид мэдээллийн нээлттэй нийгэмд амьдарч байгаа учраас гадны мэдээллүүдийг чөлөөтэй авч байна, мөн гадаад хэл эзэмшсэн гээд нийгмээс маш их зүйлийг хийх боломж бололцоог олгож байна.

Залуустаа хандаж хэлэх арга барил, манлайлал, хандлагын тухай юуг онцолж хуваалцмаар байна вэ?

  • Бүтээлч хандлага
  • Тууштай байдал
  • Зарчмуудийг мөрдөж байгаасай гэж хүсдэг, хичнээн залуусын ажиллах арга барил өөр гэгддэг ч гэсэн тууштай, зарчимтай байгаасай гэж хэлмээр байна.
  • Зөв хандлагатай байх
  • Худал амлалт өгөхгүй, хийнэ гэсэн бол хийдэг байх
  • Баг хамт олонтой хамтарч ажиллаж сурах, би төвтэй байхгүй, аливаа зүйлийг бодит байлгах, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх, шинэлэг санаачлагуудыг гаргаасай гэж уриалмаар байна.
  1. Ажил мэргэжлээс илүү таны эрч хүч, урам зориг, тэмүүллээ авдаг зүйл юу вэ?

Ажил мэргэжлээс илүү таны эрч хүч, урам зориг, тэмүүллээ авдаг зүйл юу вэ?

Ажил мэрэгжлээс гадна найз нөхөд, амжилттай яваа хүмүүсээс урам зориг авдаг.

Хамгийн чухал нь асуудлыг бусдаас хайх биш, өөрийн чадвар, боломжоо ашиглах дээр илүү чиглэдэг.

All Posts
×

Almost done…

We just sent you an email. Please click the link in the email to confirm your subscription!

OKSubscriptions powered by Strikingly